ТАНИЛЦ : “СОНГИНЫ ФРАКЦ” БУЮУ Д.СУМЪЯАБАЗАР , Х.НЯМБААТАР НАРЫН “СУГАНЫ ҮС”-НҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ , ТЭД УЛААНБААТАРЫГ УДИРДАЖ БАЙНА !
- Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер М.Баяраа
М.Баяраа Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Харин 2017 онд Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд болмогцоо тойргоосоо М.Баярааг дэргэдээ татаж УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож суга дэвшүүлж байв. Харин Хотын дарга болсныхоо дараа М.Баярааг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар томилж, 2022 онд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер болгосон.
- Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг
Г.Батзориг Нийслэлийн газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд СХД-ийн Газрын албаны даргаар томилогдсон. Улмаар 2020 онд Нийсэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, 2021 онд дарга болж дэвшсэн. Г.Батзориг Хэнтий аймгийн уугуул бөгөөд Х.Нямбаатарын “Татаас”-аар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга болж томорсон гэгддэг.
- “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр
Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2017-2020 онд Х.Нямбаатарын зөвлөхөөр ажилласан. Харин 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаар давхар ажиллаж эхэлсэн.
- Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан
Г.Баярсайхан 2016-2018 онд СХД-ийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан. Дараа нь 2019 онд Нийслэлийн газрын албаны орлогч даргаар томилогдож, 2020 оноос Нийслэлийн замын хөгжлийн газрын даргаар ажиллаж буй.
- Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар
С.Жавхлантбаатар Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед СХД-ийн Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар томилогдсон. Өдгөө “ногоон автобус”-ны тендерийн хэрэгт шалгагдаж буй.
- Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Сайханбаяр
Ч.Сайханбаяр 2008-2010 онд СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Жавхлантбаатарт халаагаа өгсөн. Тэгмэгцээ Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын суудалд сэлгэн томилогдсон.
- Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ц.Банзрагч
Ц.Банзрагч СХД-ийн Залуучуудын хөгжлийн төв, СХД-ийн ЖДҮДТ-д даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болж дэвшсэн.
- Нийслэлийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр
СХД-ийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлдчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан.
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Г.Цэргийнхүү
Г.Цэргийнхүү СХД-ийн Цагдаагийн газрын даргаар 2021 он хүртэл ажилласан. Улмаар 2022 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдсон.
- Нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар
Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд Ажлын албаных нь мэргэжилтнээр нь ажиллаж байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц Зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
- Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү
Ц.Төрхүү 2012-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажилласан. Улмаар 2016 онд СХД-ийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, УСУГ-ын даргын албыг давхар хашиж эхэлсэн.
- Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг
Б.Мөнхцэцэг 2009-2016 онд СХД-ийн 25-р хорооны Засаг даргаар, 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын даргаар ажилласан. 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
- Нийслэлийн оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан
Г.Элбэгсайхан Х.Нямбаатарыг 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноос хойш 2021 оны аравдугаар сард хүртэл Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ажиллаж байсан.
- Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦХ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин
Л.Тэмүүжин 2016 оноос хойш СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.
- “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХЗ-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг
Ж.Сандагсүрэнг СХД-ийн Засаг дарга байх үед Орлогчоор нь ажиллаж байсан. Мөн Д.Сумъяабазарыг Хотын дарга болсны дараа Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор нь ажиллаж байсан.
- Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва
Р.Дагва 2010-2016 онд СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Улмаар 2016, 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй.
- “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан
М.Говьсайхан 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж эхэлсэн.
Эдгээр эрхмүүд өдгөө Х.Нямбаатар , Д.Сумъяабазар нарын “Суганы үс” байсныхаа төлөө албан тушаалаар шагнагдаж , нийслэлийг удирдаж буй аж...
Мэдээллийн эх сурвалж : Ergelt.mn
